1
Монгол эмэгтэйчүүд газрын эрхийн 42%, банкны зээлдэгчдийн 55%, аж ахуйн нэгжийн захирлуудын 39%-ийг эзэлдэг. Харин хэмжээгээр нь харвал газрын талбайн 25%-ийг нь эмэгтэйчүүд эзэмшиж, компаниудын орлогын 25%, орлогоор эхний 100 эрэмбэлэгдсэн компаний 14-ийг нь л эмэгтэй хүн удирддаг. Бизнесийн хамгийн хүчирхэг 50 эмэгтэйгээс эхэлж, олон улсын судалгаанууд цоорхой орхисон өмч, бизнес, орон нутгийн улс төрийн дата анх удаа нэгтгэн танилцуулж байна.
Энэ нийтлэлийн тоонууд бизнесийн оргилд эмэгтэйчүүд цөөн байгааг харуулна. Гэвч тэр оргилд хүрсэн эмэгтэйчүүд бий — томоохон группуудын эзэд, үндэсний хэмжээний компаниудыг удирдагчид. Goybiz Analytics тэднийг эзэмшдэг компаниудынх нь хэмжээгээр эрэмбэлж, редакц 50 эмэгтэйг сонголоо.
1
2
3
4
5
6
7
8
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
23
24
25
28
29
31
36
39
40
41
42
43
44
46
47
48
50Монгол Улс эмэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэндээр дэлхийд тэргүүлдэг ч Дэлхийн эдийн засгийн форумын жендэрийн тэгш бус байдлын индексээр 2014–2024 онд 42-оос 85-р байр руу ухарсан — уналт нь эдийн засгийн оролцоо, улс төрийн төлөөллөөс болсон. Дэлхийн банкны 2024 оны жендэрийн үнэлгээгээр ажиллах насны эмэгтэйчүүд ажиллах хүчинд орох магадлал эрэгтэйчүүдээс 15%-иар бага, 25%-иар бага цалинтай, гэрийн ажилд хоёр дахин их цаг зарцуулдаг. АХБ-ны тооцоогоор эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо 1999 оноос хойш 10 гаруй пунктээр буурсан.
Эдгээр дүгнэлт бүгд түүвэр судалгаанд суурилдаг. Харин өмч, бизнес, орон нутгийн улс төрийн талаар олон улсын судалгаанууд өөрсдөө «дата хангалтгүй» гэж бичсэн: Дэлхийн банкны үнэлгээнд «бизнес эрхлэлт, хөрөнгө өмчлөлийн хүйсээр задалсан дата хязгаарлагдмал», «газар, орон сууц, хөрөнгийн өмчлөлийн дата дутуу», орон нутгийн сонгуулийг «датаны хязгаараас болж хүйсээр задлаагүй» гэжээ. Энэ нийтлэл яг эдгээр цоорхойг Goybiz Analytics-ийн бүрэн бүртгэлийн өгөгдөл, Монголбанк, Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллээр нөхөж байна — түүвэр биш, сая сая бичлэг.
Иргэдийн 1.26 сая газрын эрхийн 42% нь эмэгтэйчүүдийн нэр дээр. Гэхдээ эмэгтэйчүүдийн газар жижиг — нийт талбайн ердөө 25%. Зуслангийн газарт эмэгтэйчүүд тэнцүү (50%) бол өвөлжөө, хаваржааны газрын ердөө 11.6% нь эмэгтэйчүүдийнх. Албан ёсны статистикаар малчдын 40 орчим хувь нь эмэгтэй боловч малчны газрын эрх бараг бүхэлдээ эрэгтэйчүүдийн нэр дээр. АХБ-ны 2016 оны туршилтын судалгаа «эрэгтэйчүүд ХАА-н газар эзэмших магадлал 4 дахин их» гэсэн нь бүрэн бүртгэлээр батлагдаж байна — малчны газарт бүр 7 дахин их.
Тээврийн хэрэгсэлд зөрүү бүр том: хувь хүний 1.29 сая машины 13% л эмэгтэйчүүдийн нэр дээр, шинэ (1 хүртэлх настай орж ирсэн) машинд 5.9%.
Банкны данстай байх нь Монголд бараг бүх нийтийнх тул олон улсын индексүүд санхүүгийн хүртээмжийг «тэгш» гэж үнэлдэг. Монголбанкны хүйсийн задаргаа өөр зураг харуулна: 2025 онд эмэгтэйчүүд зээлдэгчдийн 54.8%, хадгаламжийн 53.2%-ийг бүрдүүлсэн ч зээлийн үлдэгдлийн 48.0%-д л ногддог. Нэг эмэгтэй зээлдэгчийн дундаж зээл эрэгтэйнхээс 24%-иар бага (2019 онд 28%) бөгөөд жигнэсэн хүү нь бага зэрэг өндөр (16.1% vs 15.7%).
ҮСХ-ны тооллогын мэдээллээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй компаниудын 39.3% нь эмэгтэй захиралтай. Эдгээр нэгж нийт ажлын байрны 31.1%, борлуулалтын орлогын 25.0%-ийг л бүрдүүлдэг.
Нэгжүүдийг орлогоор нь 10 тэнцүү бүлэгт хуваахад хамгийн жижиг бүлэгт эмэгтэй захирал 43.5% байгаа бол хамгийн том бүлэгт (медиан орлого 3.4 тэрбум ₮) 30.0% болж буурна. Ажилтны тоогоор: 1–9 ажилтантай нэгжид 41.3%, 200-аас дээш ажилтантайд 28.6%. Дэлхийн банкны Enterprise Survey-ийн түүврээр «эмэгтэйчүүдийн удирдсан компани жижиг байх магадлал өндөр» гэсэн нь бүрэн өгөгдөл дээр шат шатаараа харагдаж байна.
Эрүүл мэнд, боловсрол, зочид буудал, санхүүгийн салбарт эмэгтэй захирал олонх, барилга, уул уурхай, тээвэр, мэдээлэл холбоонд цөөнх. Ажилчдын бүрэлдэхүүн захирлын хүйсийг дагадаг: эмэгтэй захиралтай нэгжийн ажилчдын 55.2% нь эмэгтэй, эрэгтэй захиралтай нэгжид 34.4%. Дундаж цалин хоёр бүлэгт ойролцоо (медиан 420 ба 403 мянган ₮), харин нэг ажилтанд ногдох борлуулалт эмэгтэй захиралтай нэгжид бага (25.6 vs 31.1 сая ₮) — эмэгтэйчүүд ажилтан ихтэй, орлого багатай үйлчилгээний салбарт төвлөрсөнтэй холбоотой.
Захирлын насаар харвал эмэгтэйчүүдийн хувь 35-44 насанд хамгийн бага (34.6%) бөгөөд 55-64 насанд 48.7% хүрч өсдөг. Ажиллах хүчний оролцооны хүйсийн зөрүү 20–39 насанд хамгийн их байдаг (Бээжин+30 тайлан); бизнесийн удирдлагад ч мөн адил хүүхэд өсгөх насанд эмэгтэйчүүд гарч, 45-аас хойш буцаж ирж байна. Нэг үеийн агшин зураг тул энэ нь үеийн (cohort) ялгаа ч байж болно.
Бүх компанид захирлын 39.0%, хувьцаа эзэмшигчийн 40.0% нь эмэгтэй. Төрийн тендерт ялсан компанид захирлын 29.1%, уул уурхайн лицензтэй компанид 19.4%, гадаадын хөрөнгө оруулалттай компанид 12.9% (гадаадын иргэн захирлуудыг оруулаад) болж буурна. Монголд төрийн худалдан авалтыг хүйсээр шинжилсэн судалгаа өмнө нь байгаагүй.
Төрийн хөнгөлөлттэй зээлд ч ижил хандлага: Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2001–2021 оны 12,750 хувь хүн зээлдэгчийн 38.4% нь эмэгтэй, дундаж зээл 6.0 сая ₮ (эрэгтэйчүүдэд 7.0 сая ₮). Орлогоор эхний 100 компанийн 14-д л эмэгтэй гүйцэтгэх удирдлага ажиллаж байна.
Шинээр олгосон газрын эрхэд эмэгтэйчүүдийн хувь 2008 онд 28% байсан бол 2012 оноос хойш 40–47%-д тогтворжсон. Шинээр орж ирсэн машинд 2008 онд 6.7%, 2025 онд 19.0% — гурав дахин өссөн ч тав машин тутмын нэг хүрэхгүй. Шинээр томилогдсон гүйцэтгэх захиралд 34.2%-оос 41.7% болсон.
2024 оны орон нутгийн сонгуульд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчдийн 33.3% нь эмэгтэй байсан ч сонгогдсон төлөөлөгчдийн 28.6%; эмэгтэй нэр дэвшигч ялах магадлал 40.7%, эрэгтэйнх 50.7%. Аймаг, нийслэлийн Хуралд нэр дэвшигчийн 25.8%, сонгогдсоны ердөө 18.0%. Дэлхийн банк орон нутгийн сонгуулийг «дата хангалтгүй» гэж хүйсээр задалж чадаагүй бол СЕХ-ны бүртгэлээр энэ шатлал тод харагдаж байна.
Сонирхолтой нь, эдийн засгийн оролцоо, улс төрийн төлөөлөл хоёр салангид. Хөдөөгийн 330 суманд эмэгтэйчүүдийн газрын эрхийн хувь сумын хөгжилтэй хүчтэй хамааралтай (Spearman ρ = 0.65), машин 0.54, харин сонгогдсон эмэгтэй төлөөлөгчийн хувь бараг хамааралгүй (ρ = 0.12). Илүү чинээлэг суманд эмэгтэйчүүд илүү их өмчтэй болдог ч Хуралд илүү олон сонгогддоггүй.
Газар, машин, зээлдэгч, захирал, сонгогдсон төлөөлөгчийн таван үзүүлэлтийг нэгтгэсэн эмэгтэйчүүдийн оролцооны индексээр (0–100, хөдөөгийн сумдын дундаж) Говьсүмбэр (83), Орхон, Дархан-Уул тэргүүлж, баруун бүсийн аймгууд доогуур. Сум бүрийн дэлгэрэнгүйг «339 сумын 20 жил» нийтлэл болон сумын хуудсууд-аас үзнэ үү.
| Аймаг | Индекс | Газар | Машин | Зээлдэгч | Захирал | Сонгогдсон |
|---|---|---|---|---|---|---|
| Говьсүмбэр | 83 | 48.5 | 14.0 | 53.4 | 48.3 | 34.5 |
| Орхон | 74 | 42.4 | 12.9 | 52.4 | 44.0 | 27.4 |
| Дархан-Уул | 73 | 43.1 | 13.0 | 50.4 | 44.2 | 27.4 |
| Дорноговь | 71 | 36.4 | 11.5 | 49.0 | 43.9 | 35.7 |
| Өмнөговь | 68 | 38.9 | 12.0 | 48.4 | 43.0 | 29.3 |
| Сэлэнгэ | 67 | 41.4 | 10.8 | 48.8 | 40.2 | 31.9 |
| Төв | 65 | 39.6 | 8.9 | 46.5 | 39.9 | 40.2 |
| Хэнтий | 64 | 31.7 | 11.1 | 47.4 | 45.0 | 29.4 |
| Дорнод | 59 | 30.0 | 8.9 | 46.3 | 43.9 | 30.7 |
| Булган | 55 | 28.4 | 8.0 | 43.3 | 46.4 | 31.9 |
| Дундговь | 55 | 28.4 | 8.6 | 44.1 | 40.7 | 35.3 |
| Сүхбаатар | 54 | 27.6 | 6.4 | 47.7 | 42.5 | 33.2 |
| Өвөрхангай | 49 | 21.8 | 9.1 | 44.2 | 39.9 | 29.7 |
| Хөвсгөл | 44 | 27.3 | 6.5 | 45.7 | 38.0 | 25.5 |
| Говь-Алтай | 41 | 17.4 | 7.7 | 45.4 | 39.5 | 22.5 |
| Баянхонгор | 41 | 19.9 | 6.5 | 44.3 | 39.7 | 24.9 |
| Архангай | 41 | 24.5 | 7.4 | 38.8 | 39.2 | 26.7 |
| Завхан | 39 | 19.4 | 6.5 | 47.5 | 36.6 | 23.3 |
| Ховд | 35 | 19.6 | 7.3 | 41.6 | 33.2 | 24.9 |
| Увс | 31 | 17.6 | 4.2 | 44.6 | 36.9 | 23.7 |
| Баян-Өлгий | 18 | 18.4 | 4.7 | 38.9 | 26.3 | 15.2 |